Баасан, 2017-09-22, 10:03 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 1
Онлайн Зочин: 1
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 7 » Л.Түдэв
11:02 PM
Л.Түдэв

Хэрэглэгч боол



Зээлэхээс эхлээд төр засаг ч гадаад орнууд ялангуяа хойт хөршөөсөө байн байн мөнгө зээлддэг байсан тул сайн мэддэг, амьдрал ахуйд хэвшсэн зүйл байлаа.
Оросоор бол (рыночная экономика) захын эдийн засаг гэж ярьдаг нь зээл гэдэг үггүйгээр бие даасан нэр томъёо юм. Харин англиар бол market буюу зах, credit буюу зээл гэсэн хоёр үг тус тусдаа томоохон ойлголтын нэр юм. Түүнээс биш capitalism гэдэг хар өнгөт ёсыг нэрлэсэн ерөнхий нэртэй нийгмийн тогтолцоо байсаар атал түүнийг бараг зуугаад жил муу хэлснээсээ бэргэж зах зээлийн харилцааны нийгэм байгуулна хэмээн булзааруулж мөн л өнөөх орос ах нараа дуурайн рыночная экономика (захын эдийн засаг) гэсэн зөөллөн “авгайлсан” нэр томъёог хэрэглэх болсоор бараг хориод жилийн нүүр үзэхэд хүрээд байна. Хөрөнгөжих ёсны нэг гол тулгуур нь зах буюу худалдаа хийдэг газар. Тэнд бүтээгдэхүүнээ дэлгэн тавьж, зарж арилжиж мөнгө олдог. Бүтээгдэхүүнийг нь худалдан авагчийг хэрэглэгч гэдэг. Хэрэглэгч байгаа цагт зах оршин тогтнож худалдаачин баяжих нөхцөл бүрдэнэ. Юм нь гүйгээд л байвал худалдаачин, үйлдвэрлэгч баяжаад л байна. Хэрэглэгчийн хэрэгцээ, таашаалд нийцсэн бүтээгдэхүүн гаргаад л байвал худалдаачин, үйлдвэрлэгч баяжих боломж нэмэгдээд л байна. Хэрэглэгч нь нүүрээ буруулчихвал худалдаачин хоосроод, үйлдвэр дампуурахдаа тулна. Тиймээс хэрэглэгчийг “хаан” гэж дээдлэхээс өөр арга байхгүй.

Тэгэхээр хэрэглэгчдээ дулдуйдсан хөрөнгөт ёс бол хэрэглэгчээсээ хараат байдалд оршин тогтнодог юм. Тиймээс ч “хэрэглээний нийгэм” гэж хөрөнгөт ёсыг нэрлэх болсон. Тэрхүү нийгэмд хэрэглэгч болоод түүний бэл бэнчин, таашаал сонирхол нь шийдвэрлэх үүрэгтэй тийм нийгэмд аж төрөх нь байтугай барааг нь ч хараагүй монголчууд бол өөрийгөө хэрэглэгч тэр тусмаа хаан гэж цаасан малгай өмсгөхөд нэг ч их баярласангүйгээр барахгүй хаан байх эрх мэдлээ ч сайтар тунгаан бодсонгүй явсаар хориод оныг үзэв. “Хаан” гэдэг эртний бас хүндтэй нэр зүүлгэхэд нь монголын хэрэглэгчид нэг их баярласан шинжгүй Сайлаа. Үнэмшил муутай, бүрхэг байснаас тэр биз. Хаан гэдгийг нь ухааруулах гэсэн ч юмуу “хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” байгуулаад шуугиулахаар нь нөгөөх “хаан” гэдэг хэргэмээ хэрэглэгчдэд өгч эхлэх юм. он жилүүд хөвөрч эхлэв. Өнөөх “хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг” гээч нь хар цагаан таг. Бас “Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль” гээч юм гаргаад түүндээ хүч нэмэгдүүлэхээр “шудрага бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль” баталчихлаа. Гэвч хэрэглэгчдийн эрх ашгийг хэн ч хамгаалсангүй, шудрага бус өрсөлдөөнийг хэн ч хориглосонгүй. Хэрэглэгчид гайхахдаа “хаан” гэдэг үг нь “боол” гэсэн синонимтой (ижил утгатай) юм болов уу гэж эргэлзэхдээ хүрлээ. Гэтэл “хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хууль” гээчийг нь сөхөөд харахаар “хэрэглэгч нь чанар, аюулгүй байдлыг хангасан бараа хэрэглэх” эрхтэй гээд заачихсан байх ажээ. Тэгсэн мөртлөө меламинтай сүү, өттэй гурил, хортой архиар мухлаг дэлгүүрүүд байтугай гадаад нэр хаягтай зоогийн газруудад нь орсон хэрэглэгчдийг “дайлж” хэдэн арваар нь цаг бусаар нүд аниулдаг тийм худалдагч, үйлдвэрлэгч, үйлчлэгч нар хэдхэн төгрөгөөр торгуулах төдийгөөр шийтгэгдсэн болоод л гунхаж явдаг боллоо.
“Худалдагч, үйлдвэрлэгч, гүйцэтгэгчийн буруугаас учирсан гэм хорыг арилгуулах, хохирлыг нөхөн төлүүлэх” гээд л нөгөөх хуулиар хэрэглэгчдэд эрх олгосон байх юм. Тэр эрхийг нь эдлүүлэх байтугай сонсохыг ч хүсдэггүй худалдагч, үйлдвэрлэгч, гүйцэтгэгчээр л нийгэм маань “пиг дүүрчихсэн” байх юм. Мөнөөхөн хуульд хэрэглэгч нь “барааны талаар мэдээлэл авах” эрхтэйг бас дурджээ. Гэтэл нийслэлд алхам тутамд дайралддаг болсон мухлаг, түц, дэлгүүрүүдэд зарж буй бараагаа сурталчилах нь байтугай учрыг нь асуусан хэрэглэгчдийг дооглож ад үзэх, ярвагар хүйтэн дүрээр ширвэлзэх эсвэл пэдийчихээд дуугарч ядаад зогсож байх мяраалаг хүүхнүүдээр л “баян” болжээ.

Хэрэглэгч хаан биш боол ажээ.
Үнийн дарангуйлал үүнийг нотлож байгаа ажээ.
Хүн амд нь ноогдох малын тоогоор дэлхийд бараг тэргүүлэх байранд байгаа атлаа Монголчууд махны болон сүү цагаан идээний гачаалтай бас тэрний нь үнэ тэнгэрт тулдагтаа хүрдгийг үнэмшихэд хэцүү баримт. Гэвч “хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын жил” гэж засаг төр нь сийх ч үгүй зарласан 2008 он буюу ноднин жил махны үнэ 2000 хэрэглэгчид шогширч сууна.

“Улсын нөөцөд 7000 тонн мах авлаа”, “Удахгүй нөөцийн мах худалдаална” гэж эрх баригчид олон түмнийг хуурамчлан хоргомчилсоор “хүнсний хангамж, хүнсний аюулгүй байдлын жилээ” үдэв.

Орчии үеийн шилдэг технологи, техникээр тоноглогдсон уртхугацаанд хүнсний зүйл хадгалах найдвартай боловсон зоорьгүй нөхцөлд “нөөцийн мах” гэдэг бол “мянгуужингийн үлгэр” юм. Нийслэлийн хаяа түшсэн Богдхан уулын хормойд хэдэн мөсөн зоорийг эрдэмтэн Лонжидийн аргачлалаар өмнөх тогтолцооны үед байгуулсныг мөн л өнөөх хөөрүүчүүд “хуучин нийгмийн үлдэгдэл” гээд хувьчлаж хаяснаас хойш махны нөөц гэдэг үнэндээ “маани мэгзэм” болон хувирсан бололтой. Хүн амын тал хувийг бөөгнөрүүлчихсэн Улаанбаатар хот, түүний удирдлгаа үндэстний өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлаж, дорвитой арга хэмжээ авахгүй бол “баян нэг шуурганаар, баатар нэг сумнаар” гэдэг болж мэдэхээр байна. Өөрийгөө дээдэлдэг улс үндэстнүүд доод зах нь тав, дээд зах нь хорин жилийн стратегийн хүнсний хангамжтай байдгийг сонсоогүй, дуулаагүй түшмэл баймааргүй юмдаа, манай төрд!

Нэгэнт л “Хэрэглээний нийгэмд” аж төрөхөөр шийдсэн юм бол хэрэглээ, хэрэглэгч хоёрын тухай асуудал төрийн байтугай хувь хүний бодлогын цөм болох учиртай.

Хэрэглээний нийгэмд хоёр зэргэмжийн хэрэглээ байдаг.

Үүнд: А) зайлбаргүй хэрэглээ, Б) завхай хэрэглээ гэж зааглагддаг бөгөөд өнөөдөр манай нийгэмд зайлбаргүй буюу суурь хэрэглээний зүйл болох хоол хүнс, хувцас хунар, орон сууц, эрчим хүч, унаа хөсөг хэр зэрэг хангамжтай байгааг мэдрэхэд том тушаал, эрдэм ухаан нэг их шаардагдахааргүй тодорхой байна.

Ялангуяа хүн амын тал хувийг бөөгнөрүүлсэн нийслэл хотод дээр дурдсан таван төрлийн зайлбаргүй хэрэгцээ үнэн хэрэгтээ 20-30 хувийн хангамжтай байгаа гэхэд няцаах боломж олдохгүй биз. Орон сууц гэхэд л нийслэлийн хүн амын наяад хувь нь гэр хороололд аж төрж байна. Эрчим хүч гэхэд тэдгээр гэр хороололд “өл залгуулах” хэмжээнд л байсаар ажээ. Унаа хөсгийн тухайд арай нааштай ч гэсэн нийтийн тээвэр, хөлсний тэрэгний үйлчилгээ хэрэглэгчдийгээ үе үе хохироосоор байна. Ерөөсөө гэр оронгүй тул хонгил, тараншээ мэтэд хоргодон амьдрагсад улам л олширсоор л байна.

Гэтэл манай улсын хэвлэл мэдээлэл, ялангуяа зурагтын нэвтрүүлгээр нэгдүгээр хэрэгцээ биш хоёрдугаар буюу “завхай” хэрэглээг үргэлж сурталдсаар он оныг элээсээр бүүр залхааж гүйцээд байна. Хэдийгээр зайлбаргүй хэрэгцээгээ хангачихаад “завхай” хэрэглээ сонирхдог зузаарсан түрийвчтэй хүмүүс нэлээн байгаа ч гэсэн тэд бол үндэсний телевизийг зар сурталчилгаагаар зав зайгүй эзэгнээд байх хэмжээний олонхи биш харин ч өчүүхэн цөөнх юм. Тэгсэн мөртлөө “завхай” хэрэглээний сурталчилгаа зайлбаргүй хэрэглээнийхийг давамгайлаад байдаг нь үнэн хэрэгтээн хэрэглэгчдийг дарамтлаж байгаа бусармаг үзэгдэл юм. Нэг талаас “завхай” хэрэглээнд уруу татаж худалдан авагчдыг олшруулах гэсэн панзчины мөрөөдөл, нөгөө талаас тэр зар мэдээнээс мөнгө сааж амь зогоох гэсэн хэвлэлийхний “боловсон гуйрамчлал” хоёр аргагүйн эрхэнд “үнсэлдэж” байгаа хэрэг юм.

Өнөөгийн манай хэвлэл мэдээлэл, зар сурталчилгааны шуугиан бол хэрэглэгчдийн зайлшгүй хэрэгцээг хангах бус харин зохиомол хэрэгцээг хүмүүст өнгө заслаар дурыг нь татах аргаар буй болгох хандлагын турхиралт юм. Үүнд зөвхөн өөрийн өсгөж даяаршуулах (глобальчлах) эрмэлзлэлд хөтлөгдсөн гадаадынханы шунанги сэтгэлгээний түрэмхийлэл хүч нэмэгдүүлсээр байна.

Хэрэглэгчээ дарамталдаг худалдаачид, үйлдвэрлэгчид, үйлчлэгчид голдуу гадаадын бараа, бүтээгдэхүүнээр “нүүрээ тахлаж” байгаа бөгөөд хэрэглэгчиддээ хаан биш боолын хэмжээнд ханддаг нь яван явсаар өдгөө олон улсын хэмжээний хямралтай халз тулгарчихаад байна. Энэ үед л манай эдийн засаг хүн амынхаа зайлбаргүй хэрэгцээний дөнгөж арав, арван тав хүрэхгүй хувийг дотоодын нийт бүтээгдэхүүнээр алданги ононги хангаж байгаа нь илэрхий боллоо.
Захууд, худалдааны том төвүүдээс эхлээд мухлаг, түцийг хүртэл худалдан авагч нь цөөрч эл хуль болж байгааг мэдэрч эхэллээ. Тийнхүү хэрэглэгч бол боол биш хаан юм байна гэдгийг ухаарч эхлэх бололтой. Уул нь манай хэрэглэгч нар хуулиар олгогдсон эрхээ хамгаалдаггүй, хамгаалж сураагүйн балгаар өөрснөө хаан суудалдаа заларч чадахгүй олон оныг үдлээ. Чанарын хувьд ч үнийн хувьд ч сэтгэлд нь нийцэхгүй бараа, бүтээгдэхүүнийг худалдан авахгүй, авахаас татгалзах эрхээ нийтдээ биш юм гэхэд тавиад хувийн хэрэглэгчид санаа нэгтэй шийдээд долоо юмуу арав хоноход л нөгөөх их зантай худалдаачид, үйлдвэрлэгчид, үйлчлэгчид өмнө нь бхөлзөөд унах ёстой шүүдээ. Хуулиар олгогдсон тэр эрх дархаа эдлэхгүйгээс хэрэглэгч бугай та хаан биш боол. Худалдаачид ченжүүд үгсэн хуйвалдаад байхад тэдний хаан хэрэглэгч нар үгсэж болмоорсон. Тэгэхээр “хаан” зэргэмжинд байхыг гагцхүү хэрэглэгч өөрөө шийдэж чадах зүйл юм даа.

Хаан суудалдаа залраачээ, эрхэм хэрэглэгчид ээ!

Л.ТҮДЭВ



Category: Мэдээ | Views: 480 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 1
0   Spam
1 mundag   (2009-05-08 12:26 PM)
mundag hun shu !

Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин




Login:
Password:


Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2017
    Site managed by uCoz