-Та Боаогийн форумд оролцоод ирлээ. Энэ форумд Монгол Улс оролцохын ач холбогдлыг та юу гэж үзэж байна вэ?
Монгол Улс өнөөгийн тив, дэлхийн салшгүй нэг хэсэг. Тиймээс тив,
дэлхийд болж байгаа улс төр, эдийн засаг, нийгмийн эерэг, сөрөг олон
үйл явц хүссэн ч, эс хүссэн ч Монгол Улсад шууд ба дам байдлаар
нөлөөлдөг. Бид эдгээр үйл явцад идэвхгүй байдлаар татагдан оролцох бус,
үндэсний ашиг сонирхлынхоо үүднээс аль болох идэвхтэй, ажил хэрэгч байр
сууринаас хандах учиртай. Эрх ашгаа урагшлуулах, байр сууриа
илэрхийлэх, бусад улстай тогтоосон харилцаагаа хөгжүүлэх бүхий л
бололцоог ашиглах хэрэгтэй. Боагийн форум бол тэрхүү бололцоог бидэнд
олгож байгаа олон улсын бас нэгэн чухал талбар, индэр юм. Тэгээд ч
Монгол Улс бол Боаогийн форумын жирийн нэг оролцогч бус, түүнийг
санаачлан байгуулагчдын нэг учраас гаргасан санаачилга маань амжилттай
өрнөж, ахиж байвал бидэндээ л ээлтэй.
-Боаогийн форумыг анх хэдийд, хэн санаачилсан юм бэ? Манайхаас ямар хэмжээнд, яаж оролцож байсан юм бол?
Австралийн Ерөнхий сайд Хоук, Филлипиний Ерөнхийлөгч Рамос, Японы
Ерөнхий сайд Хосокава зэрэг хүмүүс анх санааг нь гаргасан гэдэг.
Боаогийн чуулга уулзалт анх 2001 онд хурсан юм билээ. Форум санаачилсан
хүмүүсийн дотор Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай, Сангийн
сайд асан Н.Баяртсайхан зэрэг хүмүүс байдаг. Форумд манайхаас ганц нэг
төлөөлөгч алдаг оног явдаг байсан бол өнгөрсөн оноос төр, засгийн
тэргүүний хэмжээнд оролцох нь зүйтэй гэж шийдээд 2008 оны чуулга
уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр тэргүүтэй төлөөлөгчид
оролцсон.
-Боаогийн форумыг Давосын форумтай барьцаж санаачилсан, Давосын Ази
маягийн хувилбар болох алсын санаатай гэж ярьдаг нь хэр ортой вэ ?
Аль нэг өөр форумтай барьцана гэх нь хаашаа юм. Дутууг нь нөхнө гэвэл
илүү онох байх. Жил бүр Швейцарьт болдог Давосын форумаар дэлхийн
хэмжээний, түүний дотор Евро-Атлантикийн хөгжил, хамтын ажиллагааны
тулгамдсан асуудлуудыг түлхүү хөнддөг. Гэтэл Ази тив, Номхон далайн бүс
нутаг гэж өөрийн онцлогтой, асар уудам талбайтай, дэлхийн хүн амын
талаас илүү нь амьдардаг, эдийн засгийн хөгжлийн хурдцаараа бусад
тивээс хол түрүүлсэн бүс нутаг байж байна. Тиймээс энэ бүс нутгийн
хөгжлийн нийтлэг асуудлыг голлон хэлэлцдэг форум, зохион байгуулалт
хэрэгтэй гэсэн санаачилга өнгөрсөн зууны сүүлчээр нэлээд яригддаг
байсан.
Жишээ нь, 1990-ээд оны сүүлчээр олныг сандраасан “Азийн санхүүгийн
хямрал” гэж гарлаа шүү дээ. Европ тивтэй харьцуулбал Ази тивийн улс
гүрнүүдийн хооронд нийтлэг асуудлаа түргэн хэлэлцэж, шуурхай шийддэг
механизм, бүтэц, туршлага байхгүйгээс тус хямрал манай бүс нутгийн олон
орныг хатуу нэрвэсэн гэж үздэг. Энэ бүх хандлага, хүчин зүйлс нийлээд
Боаогийн форум байгуулахад хүргэсэн. Форум байгуулагдаад удаагүй
байна. Бүрэн төлөвшиж, Давосын хэмжээний чуулга уулзалт болон
жигдэртлээ бас хэдэн жил хэрэгтэй биз ээ.
-Боаогийн форумаар ямар асуудал хэлэлцдэг юм бэ ?
Гол төлөв эдийн засаг, бизнесийн хамтын ажиллагааны асуудал, Ази болон
дэлхийд өрнөж буй онцгой үйл явц, хандлагыг тухайн жилийн чуулга
уулзалтын гол сэдэв болгон сонгож хэлэлцдэг. Жишээ нь, Хятад улсын
шинэчлэлийн тухай асуудал байна. Энэ бол зөвхөн БНХАУ-д хамаатай
асуудал биш. ХХ зууны сүүлийн 20 жилийн Ази тивийн болон дэлхийн
хөгжлийг тодорхойлсон, одоо ч тодорхойлж байгаа нэг том бодлого, нэг
том хандлагын тухай асуудал юм. 2008 оны чуулга уулзалтад БНХАУ-ын
дарга Ху Жинтао оролцож үг хэлсэн байсан. Тэрбээр Дэн Сяопины
санаачилсан нээлттэй хаалганы бодлогын 30 жилийн үйл явц, олсон ололт
амжилт, олон улсын харилцааны өрнөл хөгжлийн тухай дэлгэрэнгүй ярьсан.
Тун сонирхолтой илтгэл болсныг нь би сүүлд олж уншсан.
-Энэ удаагийн уулзалтын онцлогийг Та юу гэж үзэж байна вэ?
Бүрэлдэхүүний хувьд Боаогийн чуулга уулзалт хүрээгээ илт тэлж байна.
Эхэндээ Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудаас урьж оролцуулдаг
байсан бол одоо бусад тивээс ч оролцуулдаг болж. Энэ удаагийн бага
хуралд 10 гаруй улс орон төр, засгийн тэргүүний түвшинд оролцлоо.
Гадаад харилцаа, эдийн засаг, худалдааны асуудал эрхэлсэн сайд нарынхаа
хэмжээнд 30 гаруй улс орон төлөөлөгчөө илгээжээ. Зөвхөн Хятадын талаас
гэхэд л сайдын түвшний 40 гаруй төлөөлөгч оролцсон гэсэн мэдээ байна.
АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Буш, Японы Ерөнхий сайд асан Ясуо Фукуда,
Филлипины Ерөнхийлөгч асан Фидель Рамос зэрэг албаа өгсөн ч дэлхийн
хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэвээр байгаа улс төрийн олон
зүтгэлтнүүд ирсэн.
Сэдвийн хувьд зөвхөн Азийнх гэхгүй, дэлхийн хэмжээний тулгамдсан
асуудлыг хэлэлцлээ. Одоо үед тив, тивээрээ явцуурах боломж, шаардлага ч
алга болж байх шиг. Дэлхийг нөмөрсөн энэ аварга хямралын эх үүсвэр, үр
хөврөл, түүнээс гарах арга зам чуулга уулзалтын гол сэдэв байлаа.
Дэлхийн хямралын үед улс орнууд чухам юуг баримжаалж, ямар бодлого
баримталж, ямар арга хэмжээ авах ёстой вэ гэдэг сэдвээр дэлхийн улс
төр, бизнес, эрдэмтэн судлаачдын хүрээнийхэн бодол, саналаа солилцсон.
Хямралаас гарах арга замын талаар нэгдсэн дүгнэлтэд хүрч чадсан уу ?
Нэгдсэн дүгнэлт гаргана гэсэн зорилт тавиагүй л дээ. Тийм боломж ч үгүй
юм. Том жижиг, хөгжсөн хөгжөөгүй гээд орон бүрийн онцлог өөр. Улс
орнуудад нүүрлэсэн хямрал нь нэг боловч, түүний илрэл, үр дагавар нь
өөр өөр юм. Тиймээс хямралыг бүгдэд таарах ганцхан аргаар давна гэж
байхгүй. Олон янзын өвчтөнийг ганцхан жор, нэг эмээр эмчлэх аргагүйтэй
адил юм. Бусдын ярьж байгаагаас өөрт хэрэгтэй мэдээллээ, хэрэглэж болох
аргаа олж сонсоно гэдэг чухал. Мөн олон орон хамтраад зайлшгүй
хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар санал бодлоо хуваалцах, илэн
далангуй ярилцах, тодорхой тохироонд хүрэх нь нэн хэрэгтэй.
Энэ бодлогын хүрээнд худалдаанд протекционизм гаргахгүй байх, тухайлбал
худалдааны тарифыг бууруулах, чөлөөт худалдааны бүсийг өргөжүүлэх зэрэг
арга хэмжээний талаар тогтож ярилцав. Цаашилбал, дэлхийн хямрал
санхүүгийн салбараас үүдэлтэй тул энэ салбарын зохицуулалтад онцгойлон
анхаарав. Жишээ нь, БНХАУ өнөөдрийн байдлаар 6 улс оронтой SWAP буюу
өөрийн валютаар худалдааны төлбөр тооцоо хийх хэлэлцээр байгуулжээ.
Нийтдээ 25 тэрбум ам.доллартай тэнцэх юм байна. Монгол Улс ч гэсэн ийм
хэлэлцээр байгуулах талаар ярьж байгаа.
Хямралаас түргэн гарах үүднээс хөрөнгө оруулалтын хэмжээг үлэмж
нэмэгдүүлэх шаардлага, бололцооны тухай бас ярилцав. Ялангуяа эрчим
хүч, тээврийн салбарыг энд онцлон тэмдэглэж байлаа. Хятад улс төв болон
баруун бүсээ хөгжүүлэхэд ихээхэн анхаарал тавьж байгаа нь анзаарагдлаа.
Энэ нь манай улсад том боломж, бололцоо нээж өгч байгаа юм.
Форум дээр яригдсан зүйлээс үзвэл, нийтээрээ хүлээн зөвшөөрч байгаа нэг
зүйл байна. Тэр нь дэлхийн хямралаас улс орнууд дангаараа зүтгээд,
эсвэл бүлгэрхэж явцуураад гарч чадахгүй. Хамтын хүчээр, хамтын
ажиллагаа хөгжүүлж гарахаас өөр замгүй гэсэн дүгнэлтийг бүгд зөвшөөрч
байв. Үүнийг Боаогийн форумын гол дүгнэлт гэж хэлж болох байх.
-Хямрал нь нэг боловч, түүний илрэл нь орон оронд өөр, гэхдээ хэрэгтэй
мэдээллээ олж сонсох нь чухал гэж Та хэллээ. Хямралаас гарах асуудлаар
Монгол Улсад маань сургамжтай, хэрэг болох мэдээлэл, дүгнэлт хэр олж
сонсов. Ерөөс хямралтай тулгараад байгаа Монголын эдийн засгийн
онцлогийг та юу гэж тодорхойлох бол ?
Сонсох, дуулахын хувьд зөндөө л юм сонслоо. Хэрэгжүүлж байгаа арга
хэмжээ маань зөв байж гэж бодогдуулсан илтгэл, мэдээлэл цөөнгүй
дууллаа. Тэрний оронд тэгдэг байж уу дээ гэж эргэлзэх, тээнэгэлзэх зүйл
ч бас байлаа, үнэнийг хэлэхэд. Хямралыг давах талаар бүгдэд таарах нэг
эм, жор байхгүй гэж би дээр хэлсэн. Олон зүйл ярьж болох боловч манай
улсад тулгарсан хямрал, хүндрэлийн онцлогийн талаар хэдэн үг хэлье.
Биднээс хамаарсан нь юу байв? Сүүлийн дөрвөн жилд төсвийн зарлага
ихээхэн өссөн, мөнгөний нийлүүлэлт хэт нэмэгдэсний улмаас 2007 оноос
эхлэн монголын эдийн засагт “хэт халалтын” байдал ажиглагдаж эхэлсэн.
Өөрөөр хэлбэл, нийт эрэлт манай улсын бодит үйлдвэрлэл, үйлчилгээний
хүчин чадлаас нилээд давж, үнийн хөөрөгдөл газар авсан.
Бусдаас хамаарсан нь юу байв? 2008 оны хавраас дэлхийн зах зээл дээр
газрын тосны үнэ эрс нэмэгдэж, хүнсний үнэ өссөн. Иймээс манай орны
хувьд эдийн засгийг эрүүлжүүлэх, үнийн хөөрөгдлийг зогсоох шаардлага
тулгарсан. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр өндөр байсан үед манай
эдийн засаг төсвийн зарлагыг даган ихээхэн тэлж, эсрэгээр зэсийн үнэ
унахад төсвийн орлого багассан. Энэ нь нэгэнт төлөвлөсөн зарлагатай
нийлж төсвийн алдагдлыг нэлээд өндөр түвшинд хүргэх аюултай байлаа.
Ийнхүү манай улс нэгд, төсвөө бодит эдийн засаг, бололцоотойгоо
яаралтай уялдуулах, хоёрт, дотоод зах зээлд үнийн хөөрөгдлийг багасгах,
гуравт, гадаад худалдааны алдагдлаас үүссэн валютын ханшийн сулралтыг
зогсоох шаардлагатай тулгарсан юм шүү дээ, товчхон хэлэх юм бол.
-Хямралын эсрэг Таны тэргүүлж байгаа Засгийн газрын авсан арга хэмжээ зөв байж уу тэгээд?
Дан ганц Засгийн газрын хэмжээнд энэ том хямралыг сөрөх боломж үгүй шүү
дээ. УИХ, Монголбанк, бусад байгууллагууд хүчээ, бодлогоо нэгтгэж байж
л бид амжилтанд хүрнэ. Ингэж нэгтгэж чадсан гэж би өнөөдөр хэлнэ. Энэ
бол том ололт, амжилт юм. Энэ байтугай асуудал дээр бид уддаг,
будилдаг, улстөрждөг гашуун туршлага бий, харамсалтай нь.
Авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд зөв байж үү гэж Та асууж байна. Давын
өмнө төсвөө тодотгох замаар алдагдлыг ДНБ-ий 6 хувь орчим байлгах,
төсвийн зарлагыг ДНБ-ий 5 хувиар бууруулах, татварын орлогыг
нэмэгдүүлэх, банкны системийн хяналтыг сайжруулж, зайлшгүй байлгах
нөөцийг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг хадгалж, валютын ханшийг
тогтворжуулах талаар тал талдаа нухацтай хэлэлцэж, чармайж ажиллав.
Байдал одоо ямар болов? Бүрэн сайжраагүй, хямралын аюул арилаагүй байна
гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй. Гэхдээ хийсэн ажлын нааштай үр дүн
эхнээсээ гарч байна Жишээ нь, инфляци 2008 оны түвшнээс бараг 2 дахин
буурлаа. Он дамжин ойж буугаад байсан валютын ханш харьцангуй
тогтворжлоо. Улсын төсвийн алдагдал багасч, төлбөрийн баланс маань
харьцангуй эрүүлжлээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн хүрээнд тогтворжилтын
эхний шинжүүд харагдаж байна.
Одоо цаашид яах ёстой вэ? Энэ эерэг хандлагуудаа баталгаажуулах
хэрэгтэй. Үүний тулд давын өмнө бодит эдийн засгаа додомдох, хөгжүүлэх
үүднээс хөрөнгө оруулалтын хэмжээг эрс нэмэгдүүлэх, энэ үндсэн дээр
эдийн засгийн өсөлтийн найдвартай суурийг тавих шаардлагатай байна.
Гэтэл төсвийн үлэмж алдагдалтай байгаа манай орны хувьд шинээр олон
төслийг төсвийн хөрөнгөөр эхлүүлэх боломж дэндүү хомс. Иймээс эдийн
засгаа сэргээхийн тулд гадаадын хөрөнгө оруулалтыг бүх талаар татах,
дэмжих хэрэгтэй байна. Ингэж чадвал валютын нөөц, татварын орлого
нэмэгдэнэ, шинэ ажлын байр бий болно, бизнесийн идэвх сэргэнэ. Зөвхөн
Оюутолгойн төсөл хэрэгжиж эхэлснээр бизнесийн 200 гаруй үйл ажиллагааны
дотоод боломж, хэрэгцээ нэмэгдэнэ гэсэн тооцоо бий. Үүнийг дагаад
хичнээн хүн ажилтай болж, хэдэн өрх орлогоо нэмж чадах бол гээд бодоод
үз дээ. Хямралаас гарах Монголын үндсэн арга бол том төслүүдээ
хэрэгжүүлэх явдал. Тиймээс бид тэдгээрийг хугацаа алдалгүй эдийн
засгийн эргэлтэд оруулах шаардлагын тухай яриад байгаа юм...
-Том төслүүд гэснээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ юу болсон бэ?
Гэрээний төслийг Засгийн гараас УИХ-д Цагаан сарын дараахан буюу, 2009
оны гуравдугаар сарын 4-нд өргөн мэдүүлсэн. Түүнээс хойш сар хагас
гаруйн хугацаа өнгөрлөө. Гэрээний төслийн асуудлаар УИХ дахь МАХН-ын
бүлэг мөн сарын дундуур дүгнэлт, саналаа гаргаж, бидэнд ирүүлсэн. Харин
Ардчилсан Намын дүгнэлт, санал одоо болтол алга. УИХ-ын бүтцийн
байгууллага болох намын бүлгүүд, байнгын хороо гэрээний төслийн талаарх
санал, дүгнэлтээ албан ёсоор Засгийн газарт өгөөгүй цагт бид хоорондоо
энэ талаар тодорхой ярих, цаашлаад хөрөнгө оруулагчтай ажил хэрэгч
хэлэлцээр хийх боломж үгүй юм. Цаг дэндүү их алдаж байна.
-МАХН, АН хоёр хамтарсан Засгийн газрыг уг нь цаг товчлох, тулгамдсан
асуудлаа хамтраад шуурхай шийдэх зорилгоор л байгуулсан юм биш үү ?
Яг тийм. Хамтарсан нөхдөдөө энэ талаар дахин нэг сануулах шаардлагатай болж байх шиг байна, янз нь.
Засгийн газрын Хэвлэл, мэдээллийн алба 2009.04.23
|