Өнгөрсөн
оны сүүлээс валютын ханш савлаж, нэг хэсэг ам.доллар 1700 төгрөг
давсан. Үүнд “Найман шарга” валют арилжааны төвийн ченж нарыг буруутгаж
байв. Өөрөөр хэлбэл, ченж нар “ногоон”-ы ханшийг хөөрөгдөж байна хэмээн
хардсан. Иймд Санхүүгийн зохицуулах хорооноос “Найман шарга” валют
арилжааны төвийнхөнийг банк бус санхүүгийн байгууллага болгох шийдвэр
гаргасан юм. Уг шийдвэр өчигдрөөс эхлэн үйлчлэх ёстой байв. Энэ талаар
тодрууллаа. Санхүүгийн зохицуулах хороо
ченж нараас банк бус санхүүгийн байгууллага болох хүсэлтийг нь энэ
долоо хоногийн пүрэв гариг хүртэл хүлээн авчээ. Нийт 43 газраас хүсэлт
ирсэн байна. Хүсэлтийг энэ сарын 6-нд хэлэлцэж, зөвшөөрөл олгох эсэхийг
шийдэх аж. Банк бус санхүүгийн байгууллага болгож, нэгдсэн зохион
байгуулалтад оруулснаар ченж нарыг хянаж, валютын ханшийн хөөрөгдлөөс
хамгаалах боломжтой хэмээн үзэж байгаа.
Харин үүнийг ченж нар таагүй хүлээн авч байгаа юм. Учир нь банк бус
санхүүгийн байгууллага болохын тулд дүрмийн сандаа 50 сая төгрөгтэй
байх хэрэгтэй. “Ийм хэмжээний мөнгө бидэнд байхгүй” хэмээн ченж нар
хэлж байна.
“Найман шарга” валют арилжааны төв дээр очиход ченж нар боодолтой
“ногоон”, юанийг барьж, хажуугаар өнгөрөх иргэдээс ам.доллар байгаа
эсэхийг асууж байлаа. Хэд хэдэн хүнтэй уулзахад ихэнх нь Санхүүгийн
зохицуулах хороонд хүсэлт гаргаагүй хэмээн хэлэв. Энэ талаар ченж
н.Батчулуунаас цөөн зүйл тодрууллаа.
-Та банк бус санхүүгийн байгууллага байгуулах хүсэлтээ явуулсан уу?
-Үгүй. Боломж олдсонгүй.
-Яагаад?
-Банк бус санхүүгийн байгууллага байгуулахын тулд 50 сая төгрөг
хэрэгтэй. Ийм хэмжээний мөнгөтэй ченж ховор. Ихэнх ченж хамтарч банк
бус санхүүгийн байгууллага байгуулж байна. Харин мөнгөгүй нь хүсэлтээ
явуулж чадаагүй.
-Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан шийдвэрийг дэмжиж байгаа юу?
-”Найман шарга”-ын ченж нар валютын ханшийг хөөрөгддөг мэтээр ярьдаг.
Үүнтэй санал нийлдэггүй. Арилжааны банкууд валют худалдаалахгүй байхад
эрэлтээ дагаад ам.долларын үнэ өсөх нь ойлгомжтой. Бид эрэлт,
нийлүүлэлтийн хуулиар л валютын ханшийг тогтоодог. Банк бус санхүүгийн
байгууллага болгосноор олон ченж ажилгүй болно. Ченжүүдийг журамлалаа
гээд валютын ханш тогтворжихгүй л болов уу. Учир нь бид валютын ханшийг
хөөрөгддөггүй.
-Ам.долларын нийлүүлэлт ямар байна вэ?
-Сүүлийн үед гайгүй болж байгаа. Үүнийгээ дагаад валютын ханш ч тогтворжиж байна.
Өчигдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төвийн ченж нар
ам.долларыг 1423 төгрөгөөр авч, 1426 төгрөгөөр зарж байлаа. Харин
өчигдрийн 16.00 цагийн байдлаар ам.доллар Монголбанкны ханшаар 1424.53
төгрөг байв.
Г.Бат