Пүрэв, 2024-12-26, 9:57 PM
Welcome Зочин | RSS
Боломж ,эмгэнэл
Main
Registration
Login

Site menu

Статистик

Онлайн Нийт: 2
Онлайн Зочин: 2
Онлайн Гишүүн: 0

Санал асуулга
Тус БЛОГоо болих уу ?
Бүх санал: 90

Сурталчилгаа


Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа

Сурталчилгаа


Монгол Радио

 


Valuation

Main » 2009 » 5 сар » 17 » Харанга Энхманлай
0:37 AM
Харанга Энхманлай



-20 жилийнхээ ойгоор Лхагваагаа гаргах санаа тавьсан, нааштай хариу өгөөсэй гэж залбирч сууна-

-"Харанга" 20 нас хүрлээ. Төрсөн өдрөө яг хэзээ тэмдэглэх гэж байна. Хүмүүсийн хамгийн ихээр хүсэн хүлээж байгаа зүйл бол тэр өдөр дуучин Лхагвааг харах. Энэ тал дээр хамтлагийнхан нь юу хийж байна даа?
-Бидний төлөвлөж байгаагаар найман сарын сүүлээр хорин жилийнхээ ойг хийнэ. Ойрд ойн тоглолтдоо л бэлтгэж байна. Уг нь хамтлагаараа л байх ёстой л доо. Гэхдээ хамтлагийн нэг гишүүн маань ямар байдалтай байгааг та бүхэн мэдэж байгаа. Бид чадах чинээгээрээ л хөөцөлдөж, гаргачих болов уу гэж найдаад л гүйгээд байна. Энэ хүнийг гаргах, үгүйг бид шийдэх биш дээ. Ер нь бол Лхагваа маань "Харанга" хамтлагт орсноос хойш л хорин жил болж байгаа хэрэг. Бусадтай нь бараг гуч гаран жил хамтран ажиллаж байна шүү дээ.

-Үнэнийг хэлэхэд "Харанга" гэхээр Лхагваа ах, дараа нь таныг санадаг гэж хүмүүс ярьдаг. Хамтлагийнхаа имидж болсон энэ хүн анх яаж та бүхэнтэй нэгдсэнийг дурсвал ямар вэ?

-"Амьдрал" концертыг тоглохоос сарын өмнө "Томоотой хүн" гэж дуу хийгээд Чука бэлтгэл хийгээд долоо хонож байсан юм. Гэтэл би ердөө энэ рок дууг дуулж чадахгүй юм байна. Рок дуучин авсан дээр гэсэн. Тэр рок дуучин чинь хаана байгаа юм бэ гэтэл "Би нэг бацаан мэднэ, их хөөрхөн дуулда," гээд дагуулаад ирсэн. Гэтэл нэг өдөр Лхагва ирээд "Шүүдэр цэцэг"-ийг гитартай дуулж шалгуулж байсан. Бид за яахав явж бай хариу хэлнэ гээд явуулсан. Дуулж байгаа нь бол таалагдсан. Гэхдээ рок стильтэй биш цээлхэн гоё хоолойгоор дуулаад байсан л даа. Хоолойны чадал бүх юм нь болж байсан болохоор бид хэд "Энэ хүүхдийг аваад стилийг нь бага зэрэг эвдээд рок болгож болох юм. Өөрөө хүсвэл авна" гээд дахиж дуудсан. Тэгээд "За, бүх насаараа бидэнтэй хамт дуулж чадах уу" гэж асуусан чинь "Чадна" гэсэн. Ингэж л манай хамтлагт орж байсан түүхтэй. Ер нь бол Лхагва маань хамтлагийн гоцлол дуучин. Мөн нүүр царай болж явдаг нь үнэн. Гэхдээ манай хамтлагт бусад хамтлагаас ялгаатай нэг давуу тал байдаг юм. Тэр нь бид гурван дуучинтай, яг уран бүтээл хийдэг дөрвөн хүнтэй. Тийм болохоор манай хамтлагийн уран бүтээлээс ард түмэн хэзээ ч уйддаггүй. Тэгээд ч нэг юманд баригдмал, хэвшмэл биш. Бид 2004 онд "Ертөнцийн төгсгөл" нэртэй тоглолтоо хийсэн боловч тэр тоглолтыг ард түмэн тухай үед ер ойлгоогүй. Харин одоо CD-ийг нь сонсоод ойлгож эхэлж байна. Тийм болохоор ойлгохгүй олон уран бүтээл хийгээд яах вэ, ертөнцийг бага боловч ойлгог. Би түрүүн хэлсэн үхтлээ хамт байна гэж. Тэгэхээр бид өөрсдөө чадвартай байх л юм бол уран бүтээлээ хийсээр байх болно.

-"Харанга" хамтлаг шинэ дуучин авах уу. Дуучин Дашдондог болон "Шөнийн галт тэрэг" хамтлагийн Цэцэнбилэг нарт санал тавьсан гэж сонссон?

-Бид анх нэгдэж байхдаа л "Үхэн үхтлээ хамт" гэсэн тангараг тавьсан хүмүүс. Тэгэхээр тийм зүйл байхгүй. Шинэ жилийн тоглолтын үеэр Дашкатай хамтарч дуулсан нь үнэн. Учир нь манай Чукагийн хоолой нь өвдөөд тэр үед тоглолт ихтэй байсныг хэлэх үү. Тэгээд би ганцаараа барахгүй байх гэж бодоод Дашкаг урьж хамт дуулсан юм. Түүнээс биш бид хамтлагийнхаа дуучнаар авсан юм биш. Зүгээр л хүмүүсийн өөрсдийнх нь таамаг.

-Ер нь та нар түүнийг хар тамхи хэрэглэж байхыг нь харж байсан уу?

-Хэрэглэж байхыг нь бол хараагүй. Хэдийгээр нэг хамтлаг ч гэсэн Лхагва биднээс дүү болохоор айж эмээх юм байдаг л байсан байх. Миний хажууд ер нь тийм зүйл хэрэглэж байгаагүй. Тэглээ, тэгсэн, батлагдлаа гээд байгаа болохоос биш би бол хараагүй. Тэгээд ч өөрөө1 цэргийн хүн. Манай хамтлагт орохоосоо өмнө бригадын гоцлол хөгжимчин байсан. Хамтлагийнхан маань бүгд л цэргийн хүмүүс. Тэр ч утгаараа зарим үед хагас цэрэгжилтийн байдалтай байдаг. Угаас би монголд рок хамтлаг байгуулах юмсан гэж 1975 оноос эхлээд мөрөөдөж явсан. 14 жил мөрөөдсөн. Хамтлаг байгуулахын тулд өөрийгөө хөгжүүлэх хэрэгтэй, мэргэжлийн хөгжимчин болох, ур чадвараа дээшлүүлэх гээд. Ингэж явсаар хуучин цирк дээр "Цирк" хамтлаг гэж байсан юм. Тэр хамтлагт хөгжимчнөөр орсон. Энэ нь бас л өөрийгөө л хөгжүүлэх гэж тэр. Тэгээд 1986 онд халагдах хүсэлт гаргасан чинь "Чи тийм хамтлаг байгуулах сонирхолтой юм бол тэнд очоод байгуул" гээд "Эстрад цирк" гэж хуучин байгуулж байсан. Циркийн номертой, хөгжмийнх нь оронд амьд хөгжмийн хамтлагтай. Би тэнд уран сайхны удирдаачаар ажилд ороод энэ хэдийгээ цуглуулах гэж тэнд байсан хөгжимчдөөс авахыг удирдлага нь ч зөвшөөрөөд би ажлаас халагдаж хамтлагаа байгуулсан даа.

-Ойрд эргэж очив уу. Бие нь тааруу байгаа гэсэн. Одоо ямархуу байгаа бол?

-Бие нь тааруухан байгаа. Зүүн нүд нь бүр харахаа больсон. Мөн нойр булчирхай нь өвдөөд ухаан алдаж унасан гэсэн. Тухайн үед нь тариа энэ тэр хийгээд гайгүй болсон л гэнэ лээ. Нүдийг нь бол одоо яаралтай эмчилгээ хийлгэхгүй бол өрөөсөн нүд нь юу ч харахаа больж ч магадгүй болсон гэж нарийн мэргэжлийн хүмүүс хэлсэн гэсэн. Тэгээд ч бид байнга очоод байж болдоггүй. Дүрэм журамтай болохоор хэцүү. Нэг удаа ар гэрийнхэн нь, дараа нь найз нөхөд нь гээд хоёр сардаа нэг өгдөг зөвшөөрлийг нь бид дандаа аваад байж болохгүй шүү дээ. Тийм болохоор ойр ойрхон очоод байж болдоггүй юм байна лээ. Тэгээд Лхагва маань бидэнд тэр болгон янз бүрийн зовлонгоо тоочоод байдаггүй юм. Мэдээж хэрэг тийм газар байгаа хүн яаж сэтгэл өндөр байх уу, хэн ч бодсон ойлгомжтой. Эрх дураараа зугаалж явсан хүн дөрвөлжин харанхуй өрөөнд сууж байгаа юм чинь хэнд ч гэсэн юм юм бодогдуулж л байгаа хэрэг. Өөрөө ч гэсэн маш их гэмшиж байгаагаа хэлдэг. Би өөрийгөө биш бүхэл бүтэн хамтлагаа баллачихлаа гэж.

-Тийм хүнд байхад батлан даалт, өршөөл үзүүлэх сураг ажиг ер нь байна уу?

-Ар гэрийнхэн нь болон манай хамтлагийн зүгээс хүсэлт гаргасан л байгаа. Энэ талаар ар гэрийнхэн нь ч тэр, бид ч тэр нэлээн хүсэлт тавьж байгаа. Гэхдээ л нааштай хариу өгөхгүй байгаа. Боломж байвал ямар ч хүн эрүүл мэндээ бодолгүй яахав. Бүтэхгүй дээ гэдгийг өөрөө ерөнхийд нь ойлгодог учраас бидэнд "Би энд хэцүү байна" энэ тэр гэж ер ярьдаггүй. Бид ч аль болох бүтэх талаас нь хөөцөлдөж байна гэж хэлдэг дээ.

-Ясны урлагийн хүн гэсэн шиг тэндээ хамтлаг байгуулаад клип хүртэл хийлгэсэн. Хол байгаа хэдий ч уран бүтээлийн хувьд хамтарч бас туслаж чадаж байна уу?

-Бид олон шүлэг авсан. Сая манай Одсүрэн гэхэд л өөрийнхөө CD-нд зургаан дуунд нь шүлэг бичүүлсэн байгаа. Уран бүтээлээ тэндээ хийж байгаа ч хамт тоглож байсан хүмүүс нь өөр хорих анги руу шилжсэн гэсэн. Одоогоор шүлгээ бичээд л сууж байгаа байх. Лхагваа өөрөө ая зохиодог. Тийм болохоор бэлэн болсон дуунууд олон байгаа гэсэн. Бид тэр дуунуудаас нь хорин жилийнхээ ойд оруулна. Бид хамтарч уран бүтээл хийгээд хорин жил болж байхад хамгийн бэрхшээлтэй хэцүү үе гэвэл одоо энэ үеийг л гэж би хэлмээр байна. Хөгжилтэй үе бол зөндөө бий. Ер нь Лхагваа маань элдэв зүйл бодолгүйгээр ярьчихдаг, цайлган зантай. Харахад хүмүүст сонин сэтгэгдэл төрүүлдэг ч их зөөлөн сэтгэлтэй хүн л дээ.

-Танай хамтлагийнхан тус тусдаа уран бүтээл хийгээд байх шиг л харагдах юм. 20 жилийн ойгоороо хаалт хийх гэж байгаа юм биш биз?

-Одсүрэн CD гаргасан ч хамтлагийнхаа ойд зориулсан, одоо хэвлэж байгаа. Мөн бид бүгд л бараг тус тусдаа дөрөв таван дуу хийчихсэн байна. Одоо дахиад шинэ дуунууд хийнэ, бэлтгэл ажилдаа ирэх долоо хоногоос орно. Энэ бүгд хамтлагийнхаа төлөө л хийж байгаа хэрэг. Хорин жил гэдэг бол амьдралын урсгалын хувьд маш хурдан боловч эргээд харахад нэлээд урт хугацаа байдаг юм байна лээ. Тэгэхээр энэ хугацаанд юу хийсэн, юу дутуу орхисон энэ тэр гээд бодох юм их л байдаг. Энэ хугацаанд зохиосон дуу гэвэл олон. Гэхдээ "Харанга"-ийн урын санд орсон нь маш цөөхөн. Бид хэзээ ч салж чадахгүй. Яг л ах дүү шиг болсон хүмүүс. Ерөнхийдөө бид долоо хоног л утсаар ярихгүй бол нэг нэгийгээ үгүйлээд байдаг. Амьдрал хэцүү болсон ч сайхан байсан ч бид хэзээ ч салж чадахгүй. Цаашид ч уран бүтээлээ хийсээр байх болно. Монголд мэргэжлийн хамтлаг дуучид гэж ярьвал цөөхөн байсан. "Соёл-Эрдэнэ" "Баян Монгол" гээд. Гэтэл "Харанга" бол бүгдээрээ мэргэжлийн хүмүүс. Монголд хамгийн анхны мэргэжлийн рок хөгжмийн хамтлаг гэж байгуулагдаж байсан. Рок хөгжмийн урлагт ч нэлээн юм хийсэн гэж боддог. Бидний хийж буй уран бүтээл ч гэсэн ихэвчлэн сургасан, ухаарал өгч, ямар ч хүн бид бүхний дуунаас ямар нэгэн зүйл авч үлддэг байгаасай гэж уран бүтээлээ хийдэг л дээ. Тэр утгаараа эргээд харж байхад чамлахааргүй юм хийсэн гэж боддог шүү.

-Хэвлэл мэдээллээр янз янзын л зүйл гардаг. Чука, Энхманлай хоёр хамтлагийн ахлагчийн суудлаас болж муудалцлаа гэхчлэн. Энэ талаар?

-Тийм зүйл ер байхгүй. Харин ч бид хоёр ажлаа хувааж хийдэг. Чука өөрөө ч хэлдэг, би хэзээ ч ахлагч болохгүй гэж. Би нэг удаа чи нэг ахлагч болоод үзэх үү гэж хүртэл асууж байсан. Шууд л Чука маань "үгүй" гэсэн. Харин Чука бол эдийн засгийн талаар их нарийн. Тийм учраас би санхүүгийн асуудлаа хариуцуулдаг. Нэг харахаар Чука ч юм шиг дахиад харахаар би ч юм шиг л харагддаг байх. Аргагүй шүү дээ би санхүүгээ хариуцуулдаг болохоор л тэр.

-Та нэвтрүүлэгч Цовоотой хамтарч нэг CD гаргасан. Энэ олон эмэгтэй дуучин байхад яагаад заавал Цовоотой хамтарч уран бүтээл хийх болов?

-Миний хувьд нэг их өөр хамтлаг дуучидтай хамтарч уран бүтээл хийгээд байдаггүй. Цовоог би бүр эртний таних юм. 1990 онд манайх чинь "Харанга рок" төв гэж олон нийтийн байгууллага байсан. "Битсон" "Болор" "Хурд" хамтлагуудыг хажуудаа байлгаад хөгжим зэмсэгүүдээр нь хангадаг байлаа. Тэр үед манай нягтлан бодох байсан залуу Цовоогийн нөхөр болсон. Залуу байх үед орцны дуу гэж ярьдаг тэр дуунуудыг дуулах гэсэн юм гэж санал тавьсан. Тэр дуунууд нь мөнхрөг гэж туслах зорилгоор хамтарч уран бүтээл хийсэн юм.

-Танд шавь оръё гэсэн санал их ирдэг гэдэг. Гарын шавьтай болж байна уу. Бас нууц биш бол бизнесийнхээ тухай яриач. Хувийн амьдралаас тань ч асуух зүйл олон байна?

-Ер нь бодож байгаа юм бол бий. Надад ч их санал ирдэг нь үнэн. Гитар заалгая, үнэ мөнгө нь хамаагүй гэсэн хүмүүс зөндөө байдаг. Гэхдээ би эхлээд ямар ч гэсэн хорин жилээ өнгөрөөгөөд дараа нь харин жилийн курс нээнэ. Цаашдаа үнэхээр сурах гэж байгаа хүмүүст жижиг хэлбэрээр биш хоёроос гурван жилийн сургалттай сайн сайн багш нар уриад коллеж маягийн юм нээх төлөвлөгөө байгаа. Гэхдээ ганцхан гитар биш орчин үеийн хөгжмийн сургууль гэсэн үг л дээ. Энэ хямралын үед юм юм л хийж байна. Надад "Харанга"-аас гадна "Ажнай хуур" гэж хамтлаг байдаг. Хоёр морин хууртай, нэг ятгатай, нэг уртын дуучинтай хавар, намар хоёр Японд очиж тоглолт хийдэг. Одоогоор таван сидитэй. Зөвхөн Японд л тоглодог. Морин хуурыг би өөрөө шүтдэг л дээ. Жилийн өмнө хэдэн хүн нийлээд "Эсгий туургатны дэлхийн академи" гэж байгуулсны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байна. Эсгий туургатны түүх өв соёлыг судалдаг. Мөн цуврал телевизийн нэвтрүүлэг ч хийх гэж байгаа. Би 2006 онд "Амьдрал аялгуу" гэдэг нэртэй 16 дуутай нэг сиди гаргаж байсан. "Ажнай хуур" хамтлагийнхаа морин хуур, ятга хөгжмөөр нэг сиди гаргасан. Хорин жилээ хийсний дараа бие даасан хоёр дахь сидигээ гаргах санаа байгаа.

-Гэр бүлийнхнийхээ тухайд...?

-Ам бүл дөрөв. Эхнэр хоёр хүүтэй. 1974 онд эхнэртэйгээ анх танилцсан. Бид нэг техникумд сурч байхдаа танилцаж байлаа. Миний том хүү "Жикал" гэж хамтлагийг байгуулж байсан. Гэвч хамтлаг нь тарсан. Удахгүй дахин нэгдэх юм гэсэн. Миний хувьд хүүхдүүдээ урлагийн хүн болгоё энэ тэр гэсэн бодол байгаагүй. Өөрсдийнх нь сонирхол л мэдэг гэж боддог байсан. Гэтэл хоёулаа л урлагийн хүн болчихлоо. Би хоёр хүүдээ боломж бий гэж боддог. Ер нь хүний амьдрал итгэл сэтгэл зүтгэл гурав л байдаг. Амьдралыг би ингэж л дүгнэдэг. Хүүхдүүддээ "Та нарт итгэл, сэтгэл, зүтгэл байх ёстой. Миний хийж чадаагүйг хийх ёстой шүү" гэж их захидаг. Хүмүүс намайг ер нь дуу цөөтэйг мэдэж л байгаа байх. Гэртээ байхдаа ч гэсэн би нэг их юм яриад байдаггүй. Харин би Монголд хүн болж төрснөөрөө бахархдаг. Түүх судалж байгаа болохоор ийм агуу түүхтэй оронд хүн болсондоо үнэхээр их баярладаг. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийг хараад янз янзын л юм бодогддог. Дээд мэргэжилтэй хүн хар ажил хийгээд явж байгааг харахаар үнэхээр харамсмаар байдаг. Мөн дээд мэргэжилтэй мөртлөө үнэхээр гадаадад тэр мэргэжлээрээ сайхан явж байгаа хүмүүс ч байдаг түүгээр нь ч бахархмаар. Гэхдээ л хүний нутаг бол хүний л нутаг байдаг. Тэнд хэчнээн элбэг, дэлбэг байлаа ч гэсэн нэг ядрахад түших тулах хүнгүй хэцүүднэ гэж бодохоор өрөвддөг юм.

-Ярилцсанд баярлалаа.                                                                         



Category: Мэдээ | Views: 1036 | Added by: mongol | Rating: 0.0/0
Total comments: 0
Only registered users can add comments.
[ Registration | Login ]
Нэвтрэх
Тавтай морил Зочин






Админууд
Mongol_system daagii_news Nuk3denE_system TNTstar_warez m0rr15_news

Таны тухай
IP

Сүүлийн сэтгэгдэл

Найз сайтууд
  • Бүсгүй таньд
  • zurvas.com
  • bainaa.com
  • xacax.mn
  • allweb.mn
  • mglkino.com
  • tsahim.net
  • gladiator




  • Спонсор

    Сурталчилгаа
    Монголын шилдэг ТОП вэб сайтууд


    Mongol_ub © 2024
    Site managed by uCoz