Японы
ядуурлыг бууруулах сангаас санхүүжүүлсэн буцалтгүй тусламжийн хүрээнд
Азийн хөгжлийн банкнаас “Гэр хорооллын ядуу өрхүүдийн агаарын бохирдлыг
бууруулах төсөл”-ийг Эрдэс баялаг эрчим хүчний яамны захиалгаар
зарласан тендерийг эсэргүүцэж буйгаа “Монголын эсгий үйлдвэрлэгчдийн
холбоо”-ныхон олон нийтэд мэдэгдлээ. Төсөлд
тавигдсан шаардлага нь гэрийн нэмэлт дулаалга хийхэд Хятад улсаас
импортоор орж ирдэг синтофон зулхайн материалыг сонгон авсан нь тус
холбооны үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, компаниудыг төслийн тендерт оролцох
боломжийг хаасан байна. Монгол Улсын Засгийн газар гадаадын зээл
тусламжийн хөрөнгийг үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжиж эдийн засгаа
чадваржуулах бодлогын хүрээнд ашиглаж чадвал малчдын гар дээрээс 3000
тонн ноос худалдан авч, эсгий үйлдвэрлэгч үндэсний компаниуд хоёр
тэрбум гаруй төгрөгийн борлуулалт хийж чадна. Энэ салбарт ажилладаг 500
гаруй хүний ар гээр амьдрал ахуйд дэм тустай гэх мэт шат шатандаа
тодорхой хэмжээний эдийн засгийн эерэг үзүүлэлт өгөх нь ойлгомжтой гээд
Монголын эсгий үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн тус салбарын сайд
Д.Зоригтод хандан уг төслийн тендерийн шалгуурыг дахин нэг харж үзэхийг
хүссэн мэдэгдлийг хүргүүлж байгаа юм байна.
Монгол эсгий дулаанаа удаан барихаас гадна
түүнийг гал унтраахад хүртэл ашигладаг. Харин синтифон нь маш хурдан
есөн секундэд шатдаг гэсэн судалгаа ч байдаг ажээ.