Монголын тэнгэр шүтэгч бөө мөргөлийн дөрөв дэхь
үеийн сэргэн мандалт явагдаж байна гэж судлаачид үздэг. Эхний үеийн
сэргэн мандалт нь Хүн гүрэн буюу Модун хааны үеэс Кидан гүрний Люгэ
цуцай хааны үе хүртэл 1000 гаруй жил үргэлжилдэг аж. Кидан гүрний үед
несториан болон будда мөргөл хятадын даос бумбын шашны янз бүрийн
урсгал чиглэл хүчтэй нэвтэрсэнээс бөө мөргөл аяндаа шахагдан цөөн хэдэн
омгийн удирдагчийн хүрээнд үлдсэн аж. Харин хоёр дахь сэргэн мандалт нь
мөнх тэнгэрийн хүчин дор гарч ирсэн Чингис хааны үеэс эхлээд арван
долдугаар зуун буюу Автай сайн хаан Түвдээс Зонховын шашныг албан ёсоор
залсан үе хүртэл үргэлжилдэг байна. Үүний дараахан 1720-иод оны эхээр
Түвдээс Өндөр гэгээний залж ирсэн нууц тарнийн чойжин дүвчингүүд Халхын
томоохон бөө нартай тэмцэлдэж ялан дийлсэний улмаас бөөгийн шашны хүч
доройтож хэлсэн гэдэг. Тэр үед Өндөр гэгээний нууц увидасын багш Даян
дээрхийн их бөөтэй гурван долоо хоног ном увидасын хүчээр халз тулалдаж
ялан дийлсэн тухай олон арван домог ард түмний дунд үлдсэнийг хүмүүс
мэднэ. Даян дээрхийн их бөөтэй хамгийн анх Алтан хааны залж ирсэн нууц
тарнийн лам 1640-өөд оны үед увидасын хүч билэгээ шалган тулж ялсан
гэхээр Өндөр гэгээний үед болсон тэмцэл нь нилээн хожуу үедээ орно.
Гэхдээ Өндөр гэгээний багштай тулалдаж дийлдсэн бөө Алтан хааны номын
багштай тулсан бөөгийн ач юм уу зээ байсан нь тодорхой. Ер нь Даян
дээрхийн бөө ялагдсанаас хойш л бөөгийн шашин үлэмж сулран доройтож
ламын шашин хүчтэй дэлгэрсэн нь эдүгээ олдож буй бүх түүх сурвалжаас
мэдэгддэг. Харин гуравдугаар үеийн сэргэн мандалт нь 1800 оны дунд үеэс
хэлээд 1930 иад хүртэл үргэлжилсэн аж. Тухайн үед бөө мөргөлийн шашин
хүчээ аван сэргэхдээ урьдын адил тэнгэр шүтлэг, онгон мөргөлөө
баримталсангүй. Харин ч үнсэн дээр хөрвөөн зүсээ хувиргадаг хар зүгийн
сахиус шиг шарын талаа баримтлан бөөлөх үедээ тарни ч уншчихдаг, эрхиэр
ч гуядчихдаг болоод цоо шинээр танигдахын аргагүй өөрчлөгдөн өндийж
иржээ.
Шар зүгийн бөөгийн
сэргэн мандалт гэж нэрлэж болох боловч хар цагаан талын бөө нарын хүч
чадал ч тэдний далбаан доор мэдэгдэхүйц нэмэгдсэн юм. Хүмүүс нэг үе
зөвхөн буруу энгэртэй дээл өмссөн лам нар луу гүйлддэг байснаа болив.
Тэд хэнгэрэг цангийн дуу руу татагдаж хар чатга далд хүчний үйлчлэлийг
ахин мэдэрч эхэлсэн юм. Хятадууд манжийг хүний олон, соёлын давуугаар
дотроо уусгасан шиг бөө мөргөл шарын шашинг ер бусын хүч чадлаараа
ийнхүү өөртөө уусгаж 1800 оны сүүлчээр бараг л бөө нар лам нараас илүү
эрх мэдэлтэй болж чадсан байв. Тухайн үед хэнгэрэг цохиж тамлага
шившдэг нэг ч лам байгаагүй бол тарни уншдаггүй нэг ч бөө байхгүй
байсан явдал хэн нь хэнийгээ уусгаж ялан дийлж байсныг гэрчилнэ.
Иймээсшарын шашны хутагт хувилгаад бөө нарын эсрэг хүчтэй тэмцэл явуулж
эхэлсэний нэг нь Жалханз хутагт Дамдинбазар байлаа. Тэрбээр 1902 онд
Хөвсгөлийн Дархадын 30 зайранг цуглуулж удган модонд хүлэн тойруулж гал
тавиад хэн шатахгүй амьд гарсаныг чинь дархан цаазтай болгож халдашгүй
эрхтэй үлдээе гэсэн гэдэг. Гучин бөө бараг бүгдээрээ улаан галд хярвас
болтолоо шатсан боловч Дархадын Цэнд зайран, Согжоо удган, Манига
зайран, Ардаагийн хайрхан хэмээх Омбоодой зайран нарын дөрвөн хүн төмөр
хүртэл гулзайж хайлам гал дундаас түлэгдсэн цэврүү ч үгүй үлдэж Жалханз
хутагтын гайхашийг барсан аж. Ганц Хөвсгөлд ч биш бөө нар хүч түрсэн
газар болгон иймэрхүү номхотгон дарах арга хэмжээ явагдаж байсан боловч
харин ч энэ тэмцэл нь бөөгийн шашны сүр хүчийг улам ч бадраасан билээ.
Гэхдээ тоо толгойг нь цөөлж чанарыг нь сайжруулсан хэрэг.
1930
онд явуулсан шашны тооллогоор 100 гаруй мянган лам байсан бол дөнгөж
200 бөө удган бүртгэгдсэн нь үүнийг гэрчилнэ. Ингээд их
хэлмэгдүүлэлтийн явцад бөөгийн шашин ч тэр буддын шашин ч тэр хоёулаа
коммунист дарангуйлалын дахтай гутлын хатуу улан доор няц дарагдсан
билээ. Харин дөрөв дэх сэргэн мандалт нь 1990 оны ардчилсан хувьсгалаар
эхэлсэн юм. Анхандаа уг удам дамжсан соц нийгмийн үед ч нууж хааж эх
эцгийн онгоноо таслалгүй шүтэж ирсэн цөөхөн хэдэн хүний үрс л онгод
тэнгэрээ шүтэн байгаль дэлхийгээ тахиж байв. Гэвч яваандаа бөө
мөргөлийн шашин бизнес рүү орж мөнгө олох хэрэгсэл болж хувирсанаар хаа
холын алс бөглүү хязгаарт ч хүн ам төвлөрсөн их хотын зах дээр ч “чанар
нь” орж онгод нь заларсан бөө нар ухаан алдан унаж “мэндэлцгээх”
болсон. Сүүлдээ бөөгийн хэд хэдэн төв ч нэгэн зэрэг байгуулагдлаа.
Тэргүүнүүд нь хүртэл бие биенээ мэдэхгүй баахан бөө удган зайрангууд
Монголоор нэг хөшилдөж энд ч бэлэн мөнгөөр тэнд ч машин унаагаар
хахууль авч гол төлөв хараал ерөөл хийх болсон нь үнэ ханшийг нь
хямдрахад хүргэсэн. Захын нэг архичин хүртэл бөө зайрангийн хувцас
өмсөж тольтой хэнгэрэг зүүчихсэн “Хараалгах хүн байна уу, хадуулах зүрх
байна уу” хэмээн амнаасаа хөөс цахруулж явах болсон нь онгон тэнгэрийн
шашны нэр хүндийг ч навс унагахад хүргэжээ. Дөрөвдэхь үедээ сэргэн
мандаад буй мөнх тэнгэрийн ёр зөн далд хүчний их шашин дотроосоо мөхөж
мэдэх ийм байдалд орсон явдалд жинхэнэ бөө удам судартангууд ихэд
жигшин зэвүүцэх болжээ. Тэд энэ оны долоон сараас эхлэн хуурамч бөө
нарын эсрэг дайн зарлаж өөрсдийнх нь хэлээр бол “Зүрхийг нь идэж зүсийг
нь шатаахаар” болсон байна. Сонирхуулахад жинхэнэ цэвэр бөө мөргөлийн
ёс жаягаа шүтэн дээдэлж яваа 150 орчим удган зайран энэ тэмцэлийг
хийхээр шийдсэн байна. Уг тулаанд хуурамч бөө нар гарцаагүй ялагдал
хүлээх бөгөөд учир нь тэдэнд угаас заяасан хүч чадал байхгүй учраас
аргагүй мөхөсдөнө хэмээн тэд үзжээ. Нэгэн үе бөө нар маань лам нартай
хүч үзэх тухай яриа гардаг байсан бол эдүгээ бөө нар бөө нартайгаа
эрэгчин эмэгчинээ үзэлцэх болсон нь гайхалтай. Энэ нь нэг талаар бидний
өвөг дээдсийн унаган шашинд гарч буй бас нэгэн шинэчлэл гэж хэлэхэд
буруудахгүй байх.