Site menu |
| |
|
Статистик |
|
Онлайн Нийт: 3 Онлайн Зочин: 3 Онлайн Гишүүн: 0 |
|
Санал асуулга |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Сурталчилгаа |
| |
|
Сурталчилгаа |
|
|
|
Valuation |
| |
|
|
| | |
| Main » 2009 » 6 сар » 3 » Бөө мөргөл
|
Хүн эзэнтэй, бөө нар эзнээр нь дамжуулж засдаг
Эрт цагт хүн төрөлхтөн өвчин эмгэгээ хэрхэн яаж эмчилдэг байсан нь
сонин санагддаг Монголчуудын анхны шашин болох бөөгийн шашинд анагаах
ухаан ямар хэлбэр загвар, агуулга, үр дүнтэй байсан тухай бөө судлаач
эрдэмтэн О.Пүрэвтэй ярилцлаа.
-Бөөгийн шашны эмчилгээ ардын болоод европ эмнэлгийн арга барилаас хэр өөр вэ?
-Их өөр л дөө. Маш эрт үеэс хүний хооллох ундлах, халуун хүйтнээ
тохируулахаас эхлээд биеэ авч явах журам ёсыг хүртэл бөө нар хэлж
байсан байдаг юм. Өвөрмонголын эрдэмтэн бөө судлаач Г.Буянбат, "Бөө
удган бол Монголын хамгийн анхны эмч нар юм" гэж хэлсэн байдаг.
-Эмчилгээний гол хэлбэр нь юу байсан юм бол?
-Онгод тэнгэрийнхээ хүчээр л эдгээдэг юм.
-Онгод гэж чухам юу юм бэ?
-Ерөөсөө судлагдаагүй байгаа. Учир нь олддоггүй зүйл шиг байгаа юм.
Гэхдээ байгалийн хүч гэдгийг нь хүлээн зөвшөөрдөг. Далд хүч ч гэж
ярьдаг.
-Энэ нь сүнс гэгчээс хэр өөр вэ?
-Шинжлэх ухаан сүүлийн үед сүнс гэж байдгийг хүлээн зөвшөөрчихсөн. Энэ
тухай аль ч шашин номлосоор ирсэн. Байгаль дэлхийд эзэн бий юү, үгүй юү
гэдгийг ч мөн адил. Эндээс газар усны эзэн гэдэг үг үүсч, лус савдаг
нэрийг өөртөө зүүсэн. Ус, шороо гэдэг утгатай түвд үг л дээ. Бөөгийн
шашны эмчилгээ лус савдаг болоод ус, шороотой хүний биеийг ижил гэж
үздэг. Хүн гэдэг амьтан үүнээс л бүтсэн болохоор байгаль дэлхийтэйгээ
эргээд их зөв харьцах хэрэгтэй гэж номлодог. Тэгээд уур амьсгал болох
халуун хүйтэн, бороо, цас, лус савдгийнх нь хүчийг нийлүүлж байгаад
хүний эрүүл мэндийг нь холбож авч үздэг.
-Тэгээд ийм холбоосоор эмчилчихдэг хэрэг үү?
-Өнөөх онгод тэнгэр гэдэг юмаараа түрээ бариад яг ийм холбоогоор
өвчтөнийг эдгээчихэж байсан бололтой юм. Гэхдээ бөө хүнд хэдэн айхтар
эрдэм бий л дээ. Нүд хуурахын, сэтгэл хувиргахын эрдэм, тэгээд увдис
гэж.
-Үүнийг орчин үед юу гэж ойлгох юм бэ?
-Нүд хуурахын эрдэм нь ерөөсөө илбэ л юм даа. Харин сэтгэл хувиргахын
эрдэм нь хүний бодож байгаа зүйлийг алсаас хувиргаад хаячихдаг.
Тэгэхдээ тэр хүнд хүрэлцэхгүй орон зайнаас л сэтгэл санааг нь эргүүлээд
хаячихаж байгаа юм. Үүнийг ховс ч гэж хэлдэг л дээ. Шинжлэх ухаан одоо
учрыг нь мэр сэр олж байх шиг. Гэхдээ бөөг бус ховсддог хүнийг шүү дээ.
Увдис гэдэг бол миний бодлоор ховс ч биш, илбэ ч биш. Цэвэр байгалийн
хүч шиг байгаа юм даа.
-Ер нь бөөгийн шашны язгуур номлол нь юун тухай вэ?
-Ертөнц гэж дээр үед нэг уул байж л дээ. Түүн дээр хэдэн сая жилийн
өмнө галав юүлээд дэлбэрэлт үүссэн гэдэг. Тэгээд нэг хэсэг нь өөдөө,
нөгөө хэсэг нь доороо үлдсэн юм байж. Дээд хэсэг нь амьдралыг үүсгэгч
хүчин тэнгэр эцэг болж. Доод хэсэг нь амьдрал үүсгэгч газар эх гэж
нэрлэгдэж. Энэ хоёр бүрэлдэх, дэлбэрэлт дунд гал үүссэн. Галыг тойроод
амьдрал үүсч, амьдрал явсаар байгаад овог аймаг, улс гүрэн, үндэстэн
болжээ гэж үздэг.
-Монголчуудын гал дээдлэх үзэл нь бөөгийн шашны язгуур номлолоос улбаатай байх нь ээ?
-Тийм. Гал руугаа хуучин мод ч түлэхгүй үе байв. Архины охь, шар тос
зэрэг ариун идээгээр л гал тахидаг байсан. Тэр ч бүү хэл галын хажууд
мод чанга хагалахыг хориглодог байсан үе бий. Гал голомт гэсэн үг гарч
ирсэн. Голомт гэдэг нь гал байна гэсэн үг. Иймээс айлын галыг "гал
голомт" гэж нэрлэдэг. Гал голомт чинь айлын, төрийн гэж хоёр янз
байдаг. Энэ нь бөөгийн шашны маш эртний номлол шүү дээ.
-Монголын бөөгийн шашинд улс төрийн ойлголт гэж байдаг уу?
-Байдаг. Язгуурын Монголын "Тахилгын сударт" айлын галыг:
"Хаан Чингисийн цахиж асаасан гал
Хатан Өүлэний үлээж хөгжөөсөн гал" гэж гардаг. Ер нь төр сахиустайгаа
адил догшин байх ёстой гэж үздэг. Догшин байхгүй бол амьтны боол болно
шүү дээ. Хар, цагаан сүлд бол бөөгийн шашных. Бөөд хар, цагаан тэнгэр
гэж байдаг. Хар тэнгэр хар сүлд, цагаан тэнгэр цагаан сүлд болдог. Ер
нь бөө бол төрийг хүндэлж байдаг. Хүнийг ч гэсэн. Гарынхаа гурван урт
хурууг гозойлгочихоод дунд хурууг нь хүний хаан, нөгөө хоёрыг нь бурхны
хаан, лусын хаан гэж хэлдэг л дээ.
-Гал дундуур явж чаддаг бөө нар байдаг гэж сонссон юм байна. Энэ хэр ортой вэ?
-Одоо байхгүй дээ. Тийм чадалтай бөө нар дээр үед амьдарч байсан юм гэдэг.
-Бөө нар амьтны сүнстэй ярилцдаг. Ер нь үхсэн хүний сүнстэй холбогддог гэж яриад байдаг биз дээ?
-Тийм ээ, чи их сонин зүйл асууж байна. Сүнс онгод хэмээх амин гүйдэл
био тог нь чоно, баавгай, хэрээ, шаазгай, зээр, гөрөөсний амин
гүйдэлтэй нэгдэж уураг тархинд нь ороод, тэр амьтнаар яг хүн шиг ажил
хийлгэчихэж байгаа юм даа.
-Ямар ажил?
-Нэг ийм явдал Хөвсгөлд 1984 онд болж байсныг тод санаж байна. Нэг
айлын гадаа бор гөрөөс ирчихээд зогсоод явж өгдөггүй. Тэгэхээр нь айлын
эзэн буудчихсан байгаа юм. Тэгээд арьсыг нь өвчөөд хавар цаг байсан
болохоор махыг нь борцолчихож л дээ. Гэтэл цай чанахын завдалгүй тэр
айлын тугал, бяруу хоёр дороо үхсэн байгаа юм. Ингээд л зундаа тэр айлд
баавгай ч үзэгдээд л, хандгай ч үзэгдээд л элдвийн хий хүн үзэгдээд
байж. Аравдугаар сард баавгай ирээд тэр айлыг гал голомтоор нь эд бад
хийчихсэн гэж дараа нь сонсогдож байсан. Яг л хүн шиг. Энэ бүх үйл
явдлын тайллыг нь 1939 онд өвөг эцэг нь хүүхдүүддээ захиж байсан юм
гэнэ лээ. “Манайд нэг их айхтар онгод байна. Би аргыг нь олж байсан юм.
Надаас хойш юу ч болж магадгүй. Гэхдээ тэр онгод та нараас нэг их олон
юм шаардахгүй байх аа. Хэрэв шаардвал амьтан болж үзэгдээд байж
магадгүй. Ялангуяа бор гөрөөс” гэж хэлж байсан юм билээ. Тэгээд 45
жилийн дараа бор гөрөөс болж үзэгдсэн нь тэр байж.
-Хүүхдүүд нь мартчихсан байж дээ?
-Хувьсгалжчихсан улс чинь тийм юмыг тухайн үед бодоогүй байгаа юм. Уг
нь заслыг нь хүртэл зааж өгсөн байдаг. Бор гөрөөс ирэхээр урдаас нь
өөхөөр хиншүү тавиад сүү цацаарай, тэгээд л болно гэж хэлж байсныг тэр
айлаас үлдсэн ганц хүн яриад толгой руугаа шааж уйлж байсан гэдэг.
-Энэ бүгдийг эзэмших тусгай хүн төрдөг хэрэг үү, эсвэл ид шид төгс багш хэрэгтэй юу?
-Тэр бүх эрчим хүчнийг эзэмшиж, түүнтэй харьцана гэдэг авьяас чадвар.
Угаасаа бөө, удган болох хүн цаанаасаа заяадаг юм. Энэ бүхнийг бий
болоход бас багш хэрэгтэй.
-Бөөгийн багш ямар байх ёстой вэ?
-Багш хүн олон болзол хангаж байж зөвшөөрөгдөнө. Тэгээд ч багш хүнийг
"зам заагч" гэж нэрлэдэг. Зам заагч нь сүүлийн гурван жил үхэл хагацал
хийгээгүй, 15 жилээс доошгүй жил бөөлсөн, олон түмэндээ хүндтэй хүн
байх ёстой. Худалдч хүн байж болохгүй. Аа бас хүй зөрөх ёстой. Жил,
мэнгэний тохироо нь хүртэл бүрдсэн байх учиртай.
-Ингэхэд бөөлнө гэж чухам яадаг юм бэ?
-Бөө хүн бөөлнө гэдэг нь авьяас билэг бүхий хүн өөрийн сэтгэхүйг түр
зуур орхиод өөд болооч дээдсийн сэтгэхүйгээр сэтгэснийгээ өөрийнхөө дуу
хоолойгоор бусдад мэдээлэл өгөхийг хэлж байгаа юм.
-Мэдээлэл гэнэ ээ?
-Тийм. Байнгын мэдээлэл өгч байдаг. Тэр мэдээллийг үргэлж дамжуулж байх
ёстой. Хэрэв дамжуулахгүй бол тэрнээс болоод зовдог юм. Ямар ч нөхцөлд
мэдэрсэн юмаа хамаагүй дамжуулна. Шийтгэнэ, алуулна гэж бодсон ч
дамжуулчихаад л үхнэ.
-Яасан сүрхий шударга юм бэ, манай бөө нар тэр ёсоо баримталж чаддаг юм болов уу?
-Монголын бөөгийн шашин бол бүх шашны дотроос хамгийн шударга шашин.
Б.Ринчен гуай ч ингэж үнэлж байсан. Шударгаасаа болоод бөөгийн шашин
нэр хүнд муутай. Хасарыг ахынхаа эсрэг хуйвалдаан зохион байгуулах гэж
байгааг мэдсэн бөө тэр тухайгаа дамжуулахад Чингис хаан ах, дүү хоёрын
дунд яс хаяж байна гээд цаазалдаг биз дээ. 1939 онд Булган аймгийн
Сайхан сумын есдүгээр багийн нэг бөө Хутаг сумын төвд айлын найран дээр
ярьж л дээ. "Монгол Улс Японтой байлдах гэж байгаа юм байна. Японыг
Монгол яаж дийлэх вэ дээ. Улаан Оростой хамжвал нэг магадгүй юм.
Монголын малыг улаан оросууд туугаад л ...тариа тарь, хадлан хад гэх
юм. Хаашаа юм, малыг маань Орост өгч дуусгаад мах биш өвс ид гэх нь үү
дээ" гэж. Ингэж ярьсныхаа төлөө тэр хоёр буудуулж байсан гэдэг.
Одоогийн бөө нарыг би ойлгодоггүй юм. Хүний зовлон, жаргалыг баа бээгүй
яриулж байгаад тоглоод байдаг. Бүр сүүлдээ мөнгөний төлөө бөө бологсод
их болжээ. Биеийнхээ ялихгүй нэг өөрчлөлтийг сүр бадруулаад айл болгонд
бөө төрөөд байх шиг. Гэхдээ хүчтэй онгод, шидтэй бөө нар цөөн бий. Ер
нь бөө тодорно гэдэг цаанаасаа хүссэн хүсээгүй далд юманд
оосорлогдчихдог юм. Энэ үл үзэгдэх ертөнц “Амьдралаа төгсгөх үү, бөө
болоод амьдрах уу гэдгээ шийд” гээд тулгана даа.
-Тийм хүчирхэг бөө төрөх болов уу?
-Төрнө дөө. Гэхдээ арай болоогүй. Одоо бөөгийн шашин худлаас үнэн рүү
явж байна. Энэ нь 70 жилийн хувьсгалжуулсан үзэл сурталтай холбоотой.
Ер нь чадалтай бөө маш цөөхөн байгаа.
-Улаанбаатар хотод чадалтай бөө байна уу?
-Бараг үгүй дээ. Жинхэнэ бөө бол байгальд бүгж амьдардаг юм. Бөө бол
өөртөө анагаах ухаан, яруу найраг, хөгжим, түүх, жүжиг, бүжиг, домог
зүй, хэл аялгуу, хэллэг, монгол хэлэнд байхгүй монгол үг, дүрслэх
урлаг, уран баримал, угсаатны зүй зэрэг олон зүйлийг багтаачихсан асар
том шинжлэх ухаан. Өвөрмонголын алдартай бөө судлаач Г.Буянбат "Эртний
бөө нар бол анагаах ухааны тулгын чулууг тавигсад" гэсэн байдаг.
Ургамлаар, усаар амьтны бие махбодын янз бүрийн зүйлээр, дом
шившлэгээр, далдын хүчээр эмчилдэг.
-Бөө нарын өмсгөл хувцсанд учир байдаг байх аа?
-Өмсгөл хувцсанд нь утгазүйн их учир бий л дээ. Ганцхан зангилааг л
тайлбарлахад цаана нь нэг учир байх жишээтэй. 1992 онд Тайваньд болсон
Монголын соёл судлалын хуралд "Монгол бөөгийн хувцасны уяа зангиа"
гэсэн илтгэл тавьж байсан. Хүмүүс их сонирхож байсан.
-Та бөө судлаач, бас бөөгийн нутгийн хүн болохоор чадалтай бөө таньдаг байх. Тэд манай улс орны тухай юу гэж байх юм бэ?
-Хүний тухай хамаагүй дэлгэж болохгүй. Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд
90 дөхөж яваа Т.Балжир удган гэж бий. Тэр нийгэмд болоод байгаа энэ
хямралдааныг удаан үргэлжилнэ гэж хэлж байсан. 1995 онд Хөвсгөлд болсон
онгоцны сүйрлийг доктор, профессор агсан Х.Нямбуу бид хоёрт хэлж
байсан, бид хоёр жилийн өмнө Марз ууланд болсон онгоцны сүйрлийг санаж,
"Онгоцны сүйрэл болох нь уу" гэхэд "Мэдэхгүй ээ, мэдэхгүй. Онгод надад
ингэж яриад байгаа юм" гэсэн юм. Энэ яриа онгоц сүйрэхээс зургаа
хоногийн өмнө болсон. Хэн ч тоогоогүй юм. Бас 1979 онд "Шашин сэргэнэ
ээ, арван жилийн дараа энэ төр удахгүй ээ" гэж хэлж байсныг санаж
байна. Үнэхээр 1989 онд нийгэмд өөрчлөлт орж эхэлсэн шүү дээ.
-Хүн болгоны цаана эзэн гэж байдаг гэж зарим бөө нар хэлдэг юм билээ. Үүнтэй та санал нийлэх үү?
-Нэг сүрхий бөө нэг хүнийг харчихаад энэ бүр эзэнгүй хүн байна гэдэг юм
байна. Тэгэнгүүт нь би хүнд өөрөөс нь өөр эзэн байдаг юм уу гэж албаар
тэр бөөгөөс асуулаа. Байдаг юм. Хүнд байдаг тэр эзэн зөвхөн бөөд
харагддаг. Тэр эзнээр дамжуулж бид хүнийг засч залруулж, өвчин эмгэгийг
нь илааршуулдаг гэж хэлсэн. Зарим бөө нар тэнгэр нь хаячихсан хүнийг
хараад мэддэг юм билээ. Түүнийг эзэнгүй болсон хүн гэж нэрлээд байдаг.
Ер нь эзэн гэдэг юм чинь цаад хүндээ зүүд, зөн хоёроор нөлөөлдөг байна.
-Ер нь бөө нар уулзаагүй хүнийг ч мэдэрч чаддаг хэрэг үү?
-Би сонирхуулж нэг жишээ хэлье. 1950-аад онд МУИС-ийн анагаахын ангийг
төгссөн хоёр залуу гэрлээд Булган аймагт эмчээр очжээ. Гэтэл тэдний
хүүхэд тогтдоггүй гэнэ. Эхнэр нь хүүхдийн эмч шүү дээ. Бүр аргаа
бараад, нөхөр нь амралтаа аваад, эхнэртээ учирлаад, Хөвсгөл аймгийн
Эрдэнэбулган суманд байдаг гэх хараагүй бөөг зорьжээ. Тэр үед сэхээтэн
хүн ингэж явах юм бол ёстой алуулдаг байсан үе юм чинь. Явсаар бөөгийнд
очиж. Тэгсэн сохор хүн гэж бодохын аргагүй. Тийм өнгийн хувцастай, тийм
зүсийн морь унасан, тийм хүн гээд хэлж байх юм гэнэ. Тэгээд маргааш
нөгөө бөөтэй хамт зайдуухан газар очсон. Ерөөсөө хөтлүүлэхгүй яг л
хараатай хүн шиг зэрэгцээд яваад байсан гэдэг. Тухайлсан газартаа очиж
бөөлж гарч дээ. "Зах хө танайд нэг охин ирж яваа юм байна. Энэ охины
чинь амийг нь бөхөлж өглөө шүү. Дахиад хүүхэд гарахгүй байх. Охин чинь
том болоод нэг хүү төрүүлнэ. Хүүг нь дахин аргалуулаарай" гэж хэлсэн
байна.
-Энэ тэгээд үнэн байсан уу?
-Үнэн, үнэн. Эмч залуу ирээд эхнэрийгээ эмнэлэгт үзүүлэхэд жирэмсэн
байсан гэдэг. Удалгүй охинтой болж. Хожим нь охин нь бас эмч болоод нэг
хүү төрүүлсэн. Тэгээд хараагүй бөөгийн хэлснийг марталгүй охиныхоо хүүг
ч аргалуулаад одоо өнөр өтгөн, ач, гучтай сайхан амьдарч байна даа.
МОНЦАМО
|
Category: Мэдээ |
Views: 3645 |
Added by: daagii
| Rating: 5.0/3 |
Total comments: 7 | |
0 7
udgan (2011-05-09 9:43 PM)
[ Entry]
buu bolno gdeg zayaniih uchraas bolj ugvul ugaa avhal heregtei dee hussen bolgon buu bolohgui ee
|
0 6
Зайран бөө хэхэ (2010-05-20 9:11 PM)
[ Entry]
Тайлагдашгүй НУУЦ
|
0 5
good luck (2010-03-21 9:22 PM)
[ Entry]
за тэгээд танд гэж хэлэхэд хүссэн шидээ олж хамаг амьдралаа сайхан байлгахыг хүсвэл гурван хөлтэй урцанд улаан ямаагаар өргөл өргөөрэй хүзүүг нь хэрчиж уул усны эзэд орон нутгийн сахиус минь надад ...... шид хайрлаач гэж гуйгаарай та хэрвээ бөө бол бүүр их шидийг олно шүү
|
0 3
gan (2009-08-26 12:34 PM)
[ Entry]
yah ve namaig boo bol geed bna. biy ovdood hetsuu bnaa.anagaah onoshiig ni olohgui yum.odoohondoo antibiotok uugaal yavj bna.
|
0 2
NARAA (2009-07-06 8:04 PM)
[ Entry]
МОНГОЛД ЧАДАЛТАЙ САЙХ БӨӨ БАЙДАГ ЭНЭ ХҮН БАРАГ БАЙХГҮЙ МЭТЭЭР ЯРЬСАН БАЙНА ХӨВСГӨЛИЙН ДАРХАД БӨӨ НАР ИХ ЧАДАЛТАЙ Ш ДЭЭ
|
0 1
nice (2009-06-03 8:16 PM)
[ Entry]
bas l sonin ed shu ! yu ch gemeer ymb dee !
|
|
|
|
| |
| |
| | |
|
Сүүлийн сэтгэгдэл |
| |
|
Спонсор |
| |
|
|